Дижитал ирээдүйд таны бизнес тэсч үлдэх 10 шалтгаан – 5
Шанхайд төгссөн залуу Монголдоо буцаж ирээд ажил олдоогүй учир буцаж очоод магистр зэрэг авахаар одсон юм. Удалгүй төгсөж ирсэн ч мөн л олон улсын шаардлагад нийцсэн цалинтай ОЛИГТОЙ ажил олоход хэцүү учир ажилгүй сууж байгаа. 2 сургууль төгссөн, хос хэлтэй, төрмөл авьяастай, 2 дилломтой нөхдөд ажил яагаад олдохгүй байна гээд асуувал шалтгаан олон гарах байх. Төгс нийгэмд боловсорч, олон улсын жишгээр амьдраад сурчихсан болохоор Монголд ажил угаасаа олдохгүй, олдсон ч санаанд нь нийцэхгүй. Хамт олон бүдүүлэг, ядаж ганц имэйл ч англиар бичиж чадахгүй, бүгд цалингийн зээлтэй, олигтой ууж идэж орж гарах боломжгүй.
Гэтэл Google, Apple тэргүүтэй 13 компани 2 дипломтой нөхдийг биш юмыг хурдан сурах чадвартай, Soft Skill нь дэндүү сайн өөрөөр хэлбэл хүн чанартай хүнийг ажилд авч эхэлснээ зарлаж байна. Яагаад гэвэл
ирээдүйд ийм дүр зураг харагдаж байгаа юм. 2025 онд ажлын байранд машин хүний эзлэх харьцаа ийм ялгаатай болох учир тэд машинаас ялгагдах ХҮН ЧАНАРын эрэлд гарсан нь энэ. Мэдээж дээд боловсрол чухал, гэхдээ ажлын байранд гараад өөрийн чадварыг дээшлүүлэхэд хэрэгтэй мэдлэгийг хурдан эзэмших чадвар технологи хурдтай хөгжиж буй өнөө үед хамгийн чухал болоод байна.
Хүн бүр арван хуруу тэгш биш учир ажилчдаа сургах, хөгжүүлэх, технологид оруулсан хөрөнгө оруулалттайгаа зэрэгцүүлээд тэдний хөгжилд бас хөрөнгө оруулах хэрэгтэй болох нь. Чадвартай ажилчид явахын оронд өөрийн хуучин ажилчдаа сургах нь бас нэг арга.
Дижитал шилжилтийг хийхийн тулд зөвхөн програм хангамжаа сайжруулж, ажлын процессоо автоматжуулахаасаа илүү хүмүүсээ сургаж, өөрсдөө ч мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Удирдагч та өөрөө ч мөн энэ шилжилтэд бэлдэж суралцах хэрэгтэй болох нь. Харин та үүнд бэлэн байна уу?